Ерөндөг

Ерөндөг

Ерөндөг нь жирэмслэхээс хамгаалах өндөр үр дүн бүхий, аюулгүй арга юм. Хүний бие мах бодид хор нөлөөгүй, харшил өгдөггүй материалаар хийгдсэн байдаг. Ерөндөг нь дотроо хэлбэр хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан болон төрөөгүй охидод зориулсан ерөндөг нь хэмжээний хувьд өөр өөр байдаг. Сүүлийн үед мөнгөжүүлсэн болон зэс ерөндгийг түгээмэл хэрэглэж байна

Үйлчлэх механизм 

Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулж /удаашруулж/ эм бэлгийн эстэй нийлэхээс сэргийлнэ.

Үр хөврөл умайн хананд бэхлэгдэхэд саад учруулна.

Давуу талууд:

Өндөр үр дүнтэй

Ерөндөг тавьснаас хойш 5 жил жирэмслэхээс хамгаална

Ерөндгийг хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ.

Төрсөн, хөхүүл эхчүүдэд нэн тохиромжтой.

Хөхний сүүний гарцад нөлөөлөхгүй

Дааврын эм хэрэглэхэд тохиромжгүй эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой.

Бэлгийн харилцаанд саад болохгүй.

Сул талууд:

БЗДХ болон ХДХВ/ДОХ–оос хамгаалахгүй.

Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, бага зэрэг өвдөлттэй ирэх шинж тэмдэг илэрч болно.

Ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доогуур базалж өвдөж болно. Энэ зовиур 1-14 хоног үргэлжилж болно.

Ерөндгийг хэзээ тавьж болох вэ?

Биений юм ирснээс хойш эхний 7 хоног дотор тавина.

Хэрэв жирэмсэн биш гэдэг нь баталгаатай бол сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед тавьж болно.

Өөрөөрөө төрсөн бол 45 хоноод тавиулж болно.

Кесар мэс заслаар төрсөн бол 3 сарын дараа тавиулна.

Үр хөндөлт болон зулбалтын дараа ерөндөг тавих хугацааг эмчлэгч эмч шийднэ.

Хэрэглэж болохгүй тохиолдол:

Жирэмсэн байх магадлалтай үед.

Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа, сарын тэмдгийн мөчлөг алддагдсан.

Бага аарцагны эрхтний үрэвсэлтэй.

Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай.

Бэлгийн харьцаанд ороогүй охидод тавихгүй.

Хэрэглэх нөхцөл:

Төрөөгүй  болон нэг удаа төрсөн эмэгтэйчүүд, мөн ксеров хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд, умайн хэмжээ жижиг эмэгтэйчүүдэд охидын болон мөнгөжүүлсэн ерөндөгний №1 ерөндөг тавина.

Бусад эмэгтэйчүүдэд Т-ерөндөг  болон мөнгөжүүлсэн №2 ерөндөг тавина.

Хяналтанд ирэх хугацаа:

Ерөндөг тавиулсны өдрөөс хойш 1 сарын дараа давтан үзлэгт ирж ерөндөгний байрлал хэвийн байгаа эсэхийг эход хянуулна.

Түүнээс хойш 6 сар тутамд хянуулж байх нь тохиромжтой.

Хэрэв танд доорх шинж тэмдэг илэрвэл хугацаа харгалзахгүй хяналтын эмчид үзүүлээрэй.

Үйлчлүүлэгч ерөндгийн утсыг тэмтэрч, ерөндөг байрандаа байгаа эсэхийг өөрөө шалгаж болно.

Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ирж зөвлөгөө аваарай.
Биений юм саатах.

Биений юм удаан үргэлжлэх, их хэмжээгээр цус алдах, биений юмны хооронд цусархаг зүйл гарах.

Бэлгийн хавьтлын үед өвдөх

Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах (энэ нь халдвар авсан байж болох юм)

Утас тэмтрэгдэхгүй, богиноссон эсвэл уртассан  байвал үзүүлээрэй.

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency