жирэмсэнээс хамгаалах тариа
Жирэмслэхээс хамгаалах тариа
- Депо провера нь 150 мг дан прогестерон агуулдаг. Үүнийг 3 сар тутамд булчинд гүн тарьж хэрэглэнэ.
Үйлчлэх зарчим
- Дан прогестерон нь өндгөн эс боловсрох, гадагшлахыг саатуулна. Мөн умайн хүзүүний салиаг өтгөрүүлснээр үрийн шингэн үтрээнээс умай руу ороход саад учруулдаг.
Үр дүн
- Гурван сар тутамд тогтмол хэрэглэхэд үр дүн 99,7% байна
Давуу тал
- Нэг тун нь гурван сарын туршид жирэмслэлтээс сэргийлнэ.
- Аль ч насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
- Хөхний сүүний гарц болон чанарт нөлөөлөхгүй.
- Хөхүүл эмэгтэй хүүхэд төрүүлснээс хойш 45 хоноод уг тариаг хэрэглэж болно.
- Умайн салстын хорт хавдар болон умайн холбогч эдийн хоргүй хавдар үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
Дараах эмэгтэйчүүдэд уг аргыг хэрэглэхэд онцгой ач холбогдолтой:
- Төмөр дутагдлын цус багадалттай
- Эпилепситэй эмэгтэйчүүд хэрэглэхэд уналтын тоо цөөрнө.
Сул тал
- Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох хандлагатай.
- Бага хэмжээний цусархаг ялгадас гарах, цус алдах нь 3 сарын тариаг анх хэрэглэж эхлэх үед элбэг тохиолдоно.
- Сарын тэмдэг ирэхгүй байж болно.
- Биеийн жин нэмэгдэж болно. (жилд дунджаар 1-2 кг)
- Ховор тохиолдолд толгой өвдөх, хөхөөр хөндүүрлэх, сэтгэл гутрах, дотор эвгүйцэх, үс унах, бэлгийн сэрэл буурах, батга гарах зэрэг өөрчлөлтүүд ажиглагдана.
- Жирэмслэх чадвар хэрэглэхээ больсноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа сэргэдэг (дунджаар 4 сар).
- Бэлгийн замын халдвар ДОХ, ХДХВ-ээс хамгаалахгүй.
Хэрэглэж болох эмэгтэйчүүд
- Биений юм нь ирж эхэлсэн охидоос эхлээд цэвэршилтийн нас хүртэлх бүх насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
- Өөрөөрөө болон кесар мэс заслаар төрснөөс хойш 45 хоноод тавиулж болно (Хөхний сүүний гарцад нөлөөлөхгүй)
- Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлтэй эмэгтэйчүүд.
Хэрэглэж болохгүй эмэгтэйчүүд
- Жирэмсэн байх магадлалтай.
- Артерийн даралт 180/110-аас их эсвэл судасны эмгэгээс шалтгаалан даралт ихэссэн, цус харваж байсан
- Зүрхний архаг өвчтэй.
- Шалтгаан нь тодорхой бус үтрээний цус алдалт
- Өмнө нь хөхний хорт хавдраар өвчилж байсан, эсвэл одоо өвчтэй байгаа
- Элэгний хатуурал хавдар, вирусийн гаралтай элэгний хурц үрэвслийн үе
Хэрэглэж эхлэх хугацаа
- Биений юм ирж эхэлсэн өдрөөс хойш эхний 7 хоногийн дотор.
- Бусад тохиолдолд эмэгтэй жирэмсэн биш гэдэг нь баталгаатай байвал хэдийд ч эхэлж болно.
- Төрснөөс хойш 45 хоног ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол биений юм ирэхийг хүлээх шаардлагагүй хэзээ ч эхэлж болно.
- Зулбасан, үр хөндүүлсний дараа шууд хэрэглэж болно.