Сарын тэмдгийн эрүүл ахуйг сахих боломжтой байх нь хүний суурь эрх юм

Тавдугаар сарын 28-нд Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн уриа – 2030 он гэхэд сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болцгоое! Энэ өдрийн ач холбогдлын талаар НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.

 

Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг тавдугаар сарын 28-нд тэмдэглэхээр тогтсон нь ямар учиртай байдаг мөн энэ өдрийн ач холбогдлын талаар манай уншигчдад танилцуулж өгнө үү?

Юуны өмнө хүний эрх, эрхэм чанар, жэндерийн тэгш байдалтай холбоотой энэ чухал асуудлаар ярилцлага өгөх боломж олгосон танай байгууллагад баярлалаа. Энэ өдрийн тухай иргэдийн мэдлэгийг сайжруулах нь өндөр ач холбогдолтой. Учир нь сарын тэмдэгтэй холбоотой нийгмийн нийтлэг хандлага нь эмэгтэйчүүд, охидын хүний эрх, жендэрийн тэгш байдал хэрхэн хэрэгжиж байгаагийн тусгал байдаг. Жендэрийн тэгш бус байдал, бусдыг шошиглох, гадуурхах үзэгдэл нийгэмд байдгаас дэлхий ертөнцөд хэдэн сая охид, эмэгтэйчүүд сарын тэмдгийн асуудлаа эрүүл, аюулгүй байдлаар зохицуулж чадахгүйд хүрдэг. 2030 он гэхэд сарын тэмдгийг жирийн үзэгдэл гэдгээр нь хүлээж авдаг болоё сэдвийн хүрээнд энэ жилийн Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг тэмдэглэж байна. Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдөр нь эмэгтэйчүүд, охидын сарын тэмдэг ирэх үеийн эрүүл мэнд, эрүүл ахуйг дэмжих зорилгоор ашгийн бус байгууллагууд, төрийн байгууллагууд, хувь хүмүүс, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дуу хоолой, үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд нэгтгэх, мэдлэг мэдээлэл хүргэх нөлөөллийн платформ  болдгоороо онцлог. Энэ өдөр сарын тэмдгийн эрүүл ахуйн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сарын тэмдэг, сарын тэмдгийн үеийн санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор гутаан доромжлох явдлыг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм. Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдөр болох тавдугаар сарын 28-ны өдөр нь сарын тэмдгийн дундаж  мөчлөгийг илэрхийлж буй 28 хоног, харин таван сар буюу тав гэсэн тоо нь дунджаар цус үзэгдэх 5 хоногийн хугацааг илэрхийлсэн утга учиртай юм. 2022 оны Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдрийг “We Are Committed” буюу “Бид тууштай байх болно” уриан дор хийж байна.

Монгол Улсад, ялангуяа хөдөө орон нутагт, охид, тэр дундаа ЕБС-ийн сурагч охид сарын тэмдгээсээ ичдэг, санаа зовдог хэвээр байгаа. Энэ нь дэлхийн бусад улс оронд хэр их түгээмэл байдаг үзэгдэл вэ?

Сарын тэмдэг нь дэлхийн нөхөн үржихүйн насны 1.8 тэрбум хүнд сар болгон тохиодог байгалийн үзэгдэл хэдий ч дэлхий даяар олон сая охид эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирэх үед гадуурхал, доромжлолоос ангид, эрүүл орчинд хувийн ариун цэврийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.  Сарын тэмдэг нь энгийн л зүйл, үүнээс ичиж зовох хэрэггүй. Сарын тэмдэг нь ирснээс болж охин хүүхэд хэн нэгний доог тохуу болох ёсгүй. Сарын тэмдэгтэй холбоотой нийгмийн нийтлэг хандлага нь охид, хөвгүүдийн биеэ авч явахад ихээхэн нөлөөлдөг. Хөдөө орон нутагт аж төрж буй хөгжлийн бэрхшээлтэй охидод хүртээмжтэй ариун цэврийн өрөө байдаггүй учраас тэд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Монголын хөдөө орон нутагт ч ихэнх ЕБС-ийн сурагчид нэгдсэн шугамд холбогдсон ус, угаалтуургүй, нүхэн жорлон ашигласан хэвээрээ байгаагаас гадна эрүүл ахуйг сахих таатай орчин сургууль, сургуулийн дотуур байранд ч бүрдээгүй байна. Иймээс шаардлагатай ус, ариун цэврийн байгууламжийг ашиглах боломж муу, мөн сарын тэмдгийн эрүүл ахуйн тухай боловсрол, мэдлэг олж авах охид, эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байх тохиолдолд сарын тэмдэг ирэх үед тэд ихээхэн хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг. Ариун цэвэр, эрүүл ахуйгаа сахиж чадахгүйгээс тэдний сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах эрх нь ч зөрчигддөг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сарын тэмдгийн талаар ярилцаж, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал. Мэдлэг мэдээллийг нэмж байж л сургуулийн орчинд, олон нийтийн дунд, улмаар нийгэмд сарын тэмдэгтэй холбоотойгоор гадуурхах, дээрэлхэх асуудал арилна. Түүнчлэн ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй болгосноор сарын тэмдэг ирсэн үед охид эмэгтэчүүд ариун цэврээ сахих, эрүүл мэнддээ анхаарах, ичиж зовохгүй байх боломжийг олгох юм. Сарын тэмдэг ирэх үед охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил хамтраад ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр гар нийлэн ажиллах хэрэгтэй.

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency