Папиллома вирус нь 55 нм-ийн хэмжээтэй ДНХ-ийн хос гинж агуулсан 72 пентамерээс тогтсон икосаэдрил капсидтай, бүрхүүлгүй, жижиг вирус юм. Папиллома вирус Грек цагаан толгойн үсгээр 16 төрөлд хуваагддагаас α, β, γ, µ, η гэсэн төрлүүд нь хүнд халдварладаг бөгөөд УХХХ ба ХУЭ үүсгэдэг вирусууд α төрөлд багтдаг.
Одоогоор хүнд халдварладаг папиллома вирусын 120-иод хэв шинжийн геномын нуклеотидын бүтэн дараалал, 140 гаруй хэв шинжийн геномын нуклеотидын хэсэгчилсэн дараалал хийгдээд байна. ХПВ-ын хэв шинж нь вирусын халдварын төрөлд чухал оролцоотой.
Салстыг сонгомлоор гэмтээдэг ХПВ-үүдийг УХХХ ба ХУЭ үүсгэх эрсдэлээр нь өндөр, бага эрсдэлт хэмээн ангилдаг.
өндөр эрсдэлтэйд – ХПВ-ын 16, 18, 31, 33, 35, 39, 45, 50, 51, 53, 55,56, 58, 59, 64, 68 хэв шинжүүд тооцогддог ба эдгээрээс ХПВ16 ба ХПВ18 хэв шинжийн халдвар нийт УХХХ-ын 75%-ыг үүсгэдэг.
Бага эрсдэлтэйд- ХПВ6, ХПВ11 хавдар үүсгэдэггүй ч бэлгийн үү, ургацаг үүсгэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс анхны бэлгийн харьцаагаар ХПВ-ын халдвар авах эрсдэлтэй бөгөөд халдварласны дараа ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, энэ нь богино хугацааны дараа биеэс өөрөө аяндаа цэвэрлэгдэх боломжтой. Эрэгтэй хүнд ХПВ16 хэв шинжээр үүсгэгдсэн халдвар хошногоны хавдар үүсгэж болно.
Халдвар зөвхөн бэлгийн замаар дамжихгүй, арьс салст хүрэлцэхэд дамжиж болно. Бэлгийн бойжилтын насны охин, жирэмсэн эмэгтэйн умайн хүзүүний шилжилтийн бүс өргөн байдаг тул ХПВ-ын халдварт илүү өртөмтгий байна.
Бэлгийн харьцаанд эрт насандаа орох, олон жирэмслэх, олон бэлгийн хавьтагчтай байх нь ХПВ-ын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үздэг. ХПВ-ын өндөр эрсдэлт хэв шинжийн халдварт өртсөн хүн бүрт хавдар үүсэхгүй. Учир нь ихэнх ХПВ- ын халдвар 2 жилийн хугацаанд биеэс өөрөө аяндаа цэвэрлэгдэх боломжтой. ХПВ-ын өндөр эрсдэлт хэв шинжээр үүсгэгдсэн халдварын тодорхой хувь нь архаг хэлбэрт шилжиж, багахан хувь нь ХУЭ болон хавдар үүсгэнэ.
Хүний дархлааны байдал, дархлаа дарангуйлагдах, дархлалын олдмол хомсдол нь ХПВ-ын халдвар архагшиж, богино хугацаанд УХХХ-т шилжихэд нөлөөлдөг. Мөн бэлгийн замын халдвар (бэлгийн үү, хламид, заг хүйтэн)-тай хавсрах, хэт залуу насандаа төрөх, тамхи татах, 5-аас дээш жил жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэх нь эрсдэлт хүчин зүйлүүд болно.
© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency