Тэмбүү өвчин

Тэмбүү нь /Treponema pallidum/ бактериар үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

Тэмбүүгийн үүсгэгч нь хүчил төрөгч багатай, чийглэг орчинд амьдардаг. Амьдрах хамгийн таатай температур нь 37 градус бөгөөд хүний биеийн гадна 3-6 цаг амьдрах чадвартай байдаг байна.

Шалтгаан

  • Тэмбүүгийн халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход,
  • Олон бэлгийн хавьтагчтай байх,
  • Тэмбүүгийн халдвартай эхээс урагт дамжин халдварлах,
  • Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн,
  • ХДХВ болон бусад БЗХӨ-тэй байх нь тэмбүүгийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тэмбүү өвчин нь аяга таваг, хувцас, угаалгын өрөө, усан сангаар дамжихгүй. Хэдийгээр халдвар аваад эмчлэгдсэн ч дахин халдвар авах эрсдэл байсаар байна.

Шинж тэмдэг

Тэмбүү нь үе шаттайгаар хүндэрдэг бөгөөд шат ахих тусам шинж тэмдэг нь өөрчлөгдөж хүндэрдэг. Идэвхтэй болон далд хэлбэртэй учир олон жил халдвартай гэдгээ мэдэхгүй явах тохиолдбол бий.

Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг болох хатуу яр гарах хүртэл хугацааг  нууц үе гэнэ. Нууц үе дунджаар 3 долоо хоног орчим үргэлжилдэг. Үүний дараа шинж тэмдэг нь 3 үе шаттай илэрнэ.

Нэгдүгээр үеийн тэмбүү: Халдвар авснаас хойш 3 долоо хоногийн дараа эр бэлэг эрхтэн, шулуун гэдэсний дотор хананд эсвэл умайн дотор хананд яр гарах бөгөөд ойролцоогоор 6 долоо хоногийн дараа эдгэрч арилдаг.

Хоёрдугаар үеийн тэмбүү:

  • Шархлаа эдгэрснээс 6-24 долоо хоногийн дараа гарын алганаас хөлийн ул хүртэл бүхэл биеэр хөндүүргүй тууралт гарах
  • Амны хөндий, бэлэг эрхтнээр зузаан, саарал эсвэл ягаан нойтон үү төст ургацаг гарах
  • Халуурах, хоолой өвдөх
  • Толгой өвдөх, хүзүүгээр хавдах

Эдгээр шинж тэмдэг хэдэн долоо хоног, хэдэн сарын дараагаар арилж, дахин гарах мэтээр үргэлжилнэ.  Хүмүүс энэ байдлыг эдгэрлээ гэж андууран эмчид хандахаа хойшлуулдаг. Гэтэл энэ нь дараагийн үед шилжин, хүндэрч байгаагийн дохио юм.

Далд үеийн тэмбүү: Хэрэв тэмбүүгийн хоёрдугаар үед эмчилгээ хийлгээгүй бол далд хэлбэрт шилждэг. Далд үед шинж тэмдэг илрэхгүй бөгөөд 10-20 жилийн хугацаанд ч үргэлжилж болно. Хэдийгээр ямар нэг зовуургүй байх боловч тэмбүүгийн нян цусанд орж бүх биеэр тархан, эд эрхтнийг гэмтээсээр байдаг.

Гуравдугаар үеийн тэмбүү: Энэ үед дотор эрхтнүүд гэмтэх буюу тархи, мэдрэл, нүд, зүрх, судас болон үе мөч гэх мэт бүхий л эрхтэн тогтолцоог хамран өвчлүүлдэг. Олон төрлийн шинж тэмдэг илэрч болох бөгөөд зан төрхийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, булчин сулрах, алхаж чадахгүй болох гол судасны цүлхэн болон хүндрэх аюултай.

Урагт халдварласан тэмбүү: Жирэмсэн эх тэмбүүгийн өвчтэй тохиолдолд эхийн хэвлийд байгаа хүүхдэд эхсийн цусны эргэлтээр халдвар дамжиж хүүхэд тэмбүү өвчтэй төрөхийг “төрөлхийн тэмбүү” гэнэ. Төрөлхийн тэмбүүг дотор нь ургийн, хүүхэд насны, бага насны төрөлхийн тэмбүү гэж ангилдаг.

  • Хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь ургийн тэмбүү,
  • Төрснөөс хойш хоёр нас хүртэл бага насны,
  • Хоёр наснаас хойш бол хожуу үеийн төрөлхийн тэмбүүтэй гэж үзнэ.

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд өсөж, бойжих явцдаа дүлийрэх, шүдний гажигтай болох, хамрын хянган яс шигдэж орох зэрэг хүндрэлүүд бий болох аюултай байдгийг анхаарах хэрэгтэй.

Хүндрэл

  • Үргүйдэл
  • Урагт халдварлах
  • Жирэмсэн эх амьгүй эсвэл төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх
  • Сонсгол муудах
  • ХДХВ болон бэлгийн замын халдварт өвчинд өртөх эрсдэл өндөр болно.

Оношилгоо

Хэрэв эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон бол нэг сарын цусны шинжилгээ өгөх болон 4-6 сарын дотор давтан шинжилгээ өгөх шаардлагатай. Бэлгийн замын халдварт өвчин дангаараа тохиолдох нь ховор болсон. Өөр халдварууд хавсарч тохиолдох нь ихэсч байгаа учраас PCR шинжилгээгээр нарийн оношлуулах хэрэгтэй.

Нэгдүгээр үе шатанд хатуу ярнаас арчдас авч микроскопоор шинжилнэ. Нэг хоёрдугаар үед цуснаас шинжилгээ авч оношлох боловч уг шинжилгээг хийлгэхдээ давхар бусад БЗХӨ-ны үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв гуравдугаар үе шатанд орсон бол тархи нугасны шингэнд тэмбүүгийн үүсгэгч тодорхойлох шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

  • Нэг бэлгийн хавьтагчтай байх
  • Хамгаалалттай бэлгийн хавьталд орох
  • Хэвийн бус байрлалаар бэлгийн хавьталд орохгүй байх
  • Жирэмсэн ээж эмчийн хяналтандаа эрт орох

Эмчилгээ

Нэг болон хоёрдугаар үеийн тэмбүү нь эмчлэгдэх боломжтой бөгөөд пенциллин, антибиотик эмчилгээг эмчийн заавар, хяналтан дор хийнэ.

Тэмбүүгийн эмчилгээ хийлгэсний дараа тодорхой давтамжтайгаар цусны шинжилгээ өгөх, бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгийн хавьтагчаа эмчилгээнд хамруулах зэрэг арга хэмжээ авна.

© 2024 он. Сант марал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency